Бүтээн байгуулалтууд

Бодит амжилтын төлөө

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Уулзваргүй төмөр зам тавих технологийг монгол инженерүүд эх орондоо нэвтрүүлж байна. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам 10 мянган тонн даацтайгаас гадна галт тэрэг 200 км хурдтай явах боломжтой болох юм.

Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр олон улсын стандартад нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг бүтээн байгуулж, мөн түүнийг дагалдсан стратегийн өндөр ач холбогдол бүхий инноваци, дэвшилтэт технологи шингэсэн дэд бүтцийн барилга байгууламжуудыг цогцлоож байна.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна. Энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Баян-овоо сум, Ханбогд сумдаар дайран өнгөрөх Монгол улсад өмнө хийгдэж байгаагүй уулзваргүй UIC-60 гэдгээрээ онцлогтой.

Цогцолбор төслийн хүрээнд нийт 233.6 км урт (Өртөө, зөрлөг орсон дэлгэмэл урт нь 310.1 км) нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг барьж байна. Одоогийн байдлаар, төслийн талбайд туслан гүйцэтгэгч 43 компанийн 3000 орчим хүн ажиллаж байна. Гаднын технологийг нутагшуулж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хийж дуусгаснаар уурхайн амнаас тонн тутмыг нь 74 ам.доллар-аар борлуулж буй нүүрсний үнийг 120 ам.долларт хүргэх боломжтой юм.

Төмөр зам болон түүнийг дагалдсан дэд бүтцийн барилга байгууламжуудыг энд онд багтаан 100 жилийн баталгаатайгаар улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ НЬ 6 БАГЦ АЖЛААС БҮРДЭЖ БАЙНА.

БАГЦ 1

ДЭЭД, ДООД БҮТЦИЙН АЖИЛ

Тус багц ажлын хүрээнд доод бүтцийн нийт 16 ш гүүр, 123 ш ус зайлуулах хоолой, 8 мал амьтны гарц, ТТ өртөөний салбар зам, ачилтын тойрог, үндсэн трасс, хил холболт, Гашуунсухайт өртөөний өргөсөлт, Зүтгүүр эргэх тойргийн газар шорооны ажил, Дээд бүтцийн 35 мян.тн зам төмөр угсралт, 598 мян.ш бетон дэр тараан байршуулах, 568 мян.багц бэхэлгээ, 99 ш суман шилжүүлэг, 8ш вагон замаас гаргагчийг суурилуулах, 20ш мухар тупекны вагон баригч суурилуулах болон бусад нэмэлт ажлууд хийгдэж байна.

БАГЦ 2

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМИЙН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

Тус багц ажлын хүрээнд төмөр замыг дагасан 2 өртөө, 6 зөрлөгийн удирдлага хяналтын төв, дохиолол холбооны байгууламж, SCADA, ТЕТРА тоон радио систем, 13 цамхаг GPRS, GNSS галт тэрэгний байршил тогтоох систем, 460 км урт шилэн кабель суурилуулалтын ажлууд хийгдэнэ.

БАГЦ 3

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Тус багц ажлын хүрээнд төмөр замын дагуу 2 өртөө, 6 зөрлөгийн технологийн болон иргэний барилга, байгууламжууд, оффис, ажилчдын орон сууц, 1500 хүний түр сууц, агуулах гэх мэт ойролцоогоор 70,000м2 талбай бүхий барилга байгууламжийг барьж байгуулж, Захиалагчид хүлээлгэн өгөх юм. Технологийн барилгуудад өртөө зөрлөгүүдийн удирдлагын барилгууд, хөдлөх бүрэлдэхүүн засварын депо, зам засвар үйлчилгээний барилга, уурын зуухны байгууламж, вагоны үзлэг үйлчилгээний төв, Технологийн бохир ус цэвэршүүлэх байгууламж, түлш зэхэлтийн байгууламж, 6-н зөрлөг дахь Зөрлөгийн удирдлагын барилга, ажилчдын орон сууц зэрэг барилга байгууламжууд багтаж байна.

БАГЦ 4

ЭРЧИМ ХҮЧ, ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Энэ багцын хүрээнд 35/10 кВольт-ын хүчдэл бүхий 3 дэд станцын угсралт суурилуулалт, Тавантолгой, Оюутолгой 35кВ-ын дэд станц, ил хувиарлах байгууламжийн өргөтгөл, 35/0.4 кВ-ын 2*160 кВА трансформаторын 10 дэд өртөө, 10/0.4кВ-ын 2*630кВА чадал бүхий 8 дэд хуваарилах байгууламж , 270 км урт 35кВольт-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлууд тус тус хийгдэнэ.

БАГЦ 5

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН

Тус багцын хүрээнд нийт 16 зүтгүүр, 810 вагоныг худалдан авч Захиалагч ТТЗ-д ХК-д хүлээлгэн өгөхөөс TE4500 серийн гол замын зүтгүүрийг АНУ-аас, 75т даацтай 400-н хагас вагон, 401 тавцант вагон, 8 битүү вагон, 1 суудлын вагоныг ОХУ-аас худалдаж авахаар ажиллаж байгаагаас 100 хагас вагоны татан авалтыг хийгээд байна.

БАГЦ 6

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Уг ажлын хүрээнд 469 багц орчин үеийн засварын, хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр зүтгүүр, вагон засварын цехүүдийг иж бүрэн тоноглохоос гадна зам засварын өргөгч чигжигч машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр хангах юм.